Төрийн албан ёсны айлчлал, тэр  дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн албан ёсны айлчлалд Тамгын газрын дарга нь явж байхдаа УИХ-ын гишүүдээ  Хятадын парламентын гишүүн гээд Хятадын нутагт очоод ярьж байгаа нь түүнийг  ямархуу ёс суртахуунтай хүн бэ гэдгийг харууллаа. Энэ хүнд Монгол орны эрх ашиг хамаагүй юу эсвэл ингэж бодлогогүй ярьдаг хүн үү,  хэн нэгнийг доош нь хийж л байвал энэ хүний бах тав нь ханадаг хүн үү аль болохыг би үнэндээ ойлгосонгүй. “Тохой шалбаравч ханцуйн дотроо” гэж үг байдаг даа. Хятадын нутагт оччихоод өөрсдийнхөө шийдэж ядаж байгаа төмөр замын маргааны асуудалд УИХ-ын гишүүдээ Хятадын талд үйлчилдэг гээд яриад зогсож байна гэдгийг юу гэж ойлгох вэ. Энэ бол яаж  ч бодсон том тэнэглэл.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барих асуудлыг З.Энхболд өөрөө ойлгоогүй байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн  414 км төмөр зам  барихыг нь би эсэргүүцээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын 267 км  төмөр замд 737 тэрбум төгрөг зарцуулаад 50-60 хувийн гүйцэтгэлтэй болчихсон энэ ажлаа эхлээд гүйцээж дуусгая гэж хэлсэн.  З.Энхболд Монголын нутгаар төмөр замаар вагон явуулж мөнгө олох гээд байгаа юм уу эсвэл нүүрсээ зарж мөнгө олох гээд байгаа юм уу. Бид барьж байгаад орхичихсон төмөр замаа барьж дуусгаад нүүрсээ Хятад руу гаргаж зараад одоогийнхоосоо хэд дахин илүү ашиг олоод мөнгөтэй болбол хаашаа төмөр зам тавихаа шийдэх нь бидний эрх биз дээ. Нарийн яривал дэлхийн хүчирхэг эдийн засагтай улс бүхэн Хятадтай худалдаа, бизнесийн орчноо нэмэгдүүлэхийг тэмүүлж байхад  бид үүнээс хоцорчих гээд байгааг нь би ойлгохгүй байна.