Мэдээ

Ч.Ганзориг: Нанотехнологийн салбар Монголд хөгжих ёстой

Дэлхийн эдийн засаг өнгөрсөн хугацаанд байгалийн нөөцөд тулгуурласан аж үйлдвэрлэлд тулгуурлаж ирсэн боловч ирээдүйд мэдлэгийн эдийн засгийг хөдөлгөх хүч болох аж үйлдвэрлэлд нанотехнологи болон биотехнологийн хөгжил дэвшил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдгийг өдгөө дэлхийн улс орнууд бүгд хүлээн зөвшөөрч тус ирээдүйн технологийн салбарыг хөгжүүлэх ажилд ихээхэн анхаарал хандуулж байна.

Өндөр хөгжилтэй улсууд энэ салбарт хөрөнгө хаяж, өөрийгөө цэвэрлэгч нано гадаргуу, бохирддоггүй бөс даавуу, өнгө алдахгүй будаг, цантдаггүй шил, нүүрстөрөгчийн хоолой, гангаас илүү бат бөх цаас гэх мэт шинэ материалуудыг гаргаж авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл тарахын хэрээр “Шинэ технологийн боломж хязгааргүй” гэсэн ойлголт газар авсаар. Энэ жишгээр “Нанотехнологиор үйлдвэрлэсэн” гэсэн тодотголтой бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд аажим аажмаар худалдаалагдах болжээ.

Тэгвэл дэлхий нийтийг араасаа хуйлруулж байгаа энэхүү салбарын хөгжил манай улсад ямар төвшинд байгаа талаар ярилцахаар МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Dr Ч.Ганзоригийг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урилаа. Тэрбээр 2008 онд сургуулийнхаа дэргэд Нано-шинжлэх ухаан, нанотехнологийн төвийг байгуулан ажиллаж байгаа юм.

-Нано технологийн талаар манай уншигчдад ерөнхий ойлголт өгөхгүй юу?


-Аж үйлдвэрлэлийн салбарын ирээдүйг тодорхойлно гэгдэж байгаа үндсэн хоёр технологийн нэг нь нанотехнологи юм. Нөгөө нь биотехнологи. Нанотехнологи гэдэг нь аливаа материалыг атом молекулын төвшинд удирдан зо­хицуулах арга технологи. Урт, өр­гөн, өндөр гэсэн гурван хэм­жээ­­сийнх нь ядаж нэг нь 1-ээс 100 нанометр хэмжээ бүхий бүт­цүүдтэй харьцаж, шинэ материал бо­лон бүтээгдэхүүн бүтээх тех­нологи юм.

-Молекулын бүтцийг өөр­чилж, материал гаргаж авна гэ­сэн үг үү?

-Яг ч тэгж ойлгож болохгүй. Миний бодлоор нанотехнологид уртын хэмжээс хамгийн чухал. Нэг нанометр гэдэг нь нэг мет­рийг тэрбум хуваасны нэг буюу 1 нанометр = 1/1,000,000,000 метр хэмжээс юм. Хэмжээс яагаад чухал вэ гэвэл, 1-100 нанометрийн хооронд бодис, тэр ч байтугай аливаа матер өөрийн бүхий л шинж чанараа өөрчилдөг юм. Огт өөр шинэ санаа, ойлголт, шинэ мэдлэг гарч ирдэг байхгүй юу.

Би алтан дээр жишээ авья. Алтыг хүн бүхэн мэднэ. Шар өн­гөтөй, онцгой уян сунамтгай дав­таг­дах шинж чанартай байгальд дан­гаараа оршдог элемент. Алт яагаад үнэтэй байдаг гэж бодож байна. Хамгийн уян зөөлөн шинж чанартай байдаг юм. На­но­технологиос өмнө хөгжиж бай­сан микротехнологиор бол нү­дээд шил шиг биш юм гэхэд со­нин дээр тавьж байгаад цаад бич­гийг нь уншчихаар хэмжээний ним­гэн болгож чадна. Ийм то­хиолдолд алт, алт хэвээрээ л бай­на.

Харин бүр нимгэлээд нано хэмжээст оруулаад эхлэхээр шинж чанар нь огт өөр болдог. Хай­лах температур, төлөв байдал нь. Жишээлбэл, 1 нанометр хэм­жээст алт шингэн төлөвт шилж­дэг. Харин 10-20 нанометрт хар өн­гөтэй болдог. 40 нанометр хэм­жээст бас өөрчлөгдөж болно. Энэ жишгээр ямар ч материал нано-хэм­жээст шинж чанараа өөрчилж байдаг юм. Тэгэхээр материалыг яг энэ жишгээр нано-хэмжээст оруулаад гарч ирсэн шинж чана­рыг нь ашиглаж бүтээгдэхүүн хийж хэрэглээнд оруулахаар бөө­ний үйлдвэрлэл явуулах про­цес­сийг л нанотехнологи гээд байгаа юм.

-Нано технологийн хөгжил дэлхийд ямар байна, манай улсад ямар төвшинд байгаа вэ?

-Дэлхийд анх АНУ 2001 онд нанотехнологийг хөгжүүлэх, энэ салбартаа бусад улсыг үлгэрлэн дагуулах, олон улсад хөгжүүлэх зорилгоор Нанотехнологийг хөг­жүүлэх үндэсний санаачилгыг баталж гаргасан байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Клинтоны үед хийгдсэн ажил л даа. Үүнээс хойш Япон, Герман гээд дэлхийн өндөр хөгжилтэй гэгдэж байгаа ихэнх улсууд энэ салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна.

Нанотехнологи бол шинжлэх ухаан, аж үйлдвэрийн олон сал­баруудыг хамарсан өргөн ойл­голт. Манай улсын хувьд, “Мон­гол Улсад үндэсний инновацийн тог­тол­цоог 2008-2015 он хүртэл хөг­жүүлэх хөтөлбөр”-т багтсан Дэв­шилтэт технологийг хөг­жүү­лэх дэд хөтөлбөрт нанотехноло­гийн салбарыг хөгжүүлэх чиг­лэлээр тодорхой ажил хийхээр тус­гагдсан байдаг юм.

Үүний дагуу 20 орчим төсөл хэрэгжүүлж эхэлснээс 10 нь МУИС-ийн Наношинжлэх ухаан, нано технологийн төв болон бусад бүрэлдэхүүн сургуулиуд дээр амжилттай хэрэгжсэн. Хөтөлбөр гарсны дараа энэ төвийг миний бие санаачлан байгуулж байсан юм.
Гэвч 2009-2010 оноос эхлэн санхүүжилт зогссон учир цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй болсон. Гэхдээ төв дээрээ түшиглээд нанотехнологийн чиглэлээр салбар дундын магистрын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, 50 гаруй оюутныг хамруулаад байна. Одоо бол МУИС дээр хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөр байхгүй.

-Хөгжил зогсонги байгаа гэж ойлгож болох уу?

-Нанотехнологийг ерөнхийд нь нано-шинжлэх ухаан, нано-инженерчлэл, нано аж үйлдвэрлэл, нано бизнесийн салбар гэж ангилдаг. Нано шинжлэх ухаан нь шинэ мэдлэгийг бий болгогч их дээд сургууль дээр төвлөрч явагдаж байдаг бол аж үйлдвэрлэлийн салбар нь бүтээгдэхүүн хийх тал руу, нано бизнес нь худалдаа бизнес, зах зээлийн чиглэлээр хөгжиж байх жишээтэй. Манайд бол аль аль салбарынх нь хөгжил сул байгаа. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд төрийн хүчтэй бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Хөтөлбөр баталж, чиглэлээ тодорхойлж, санхүүгийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг шийдэх иж бүрэн тогтолцоог бий болгох ёстой юм.

-2008 онд баталсан дэд хөтөлбөрт энэ талаар тусгаагүй юм уу?


-Тэр бол эхлэл байсан. Одоо бол энэ салбарыг хөгжүүлэх талаар илүү том, эрс шийдвэртэй алхам хийх цаг болсон. Хөтөлбөр баталж, хөгжүүлэх бодлого барина гэж байгаа ч аль салбарыг, ямар аж үйлдвэрлэлийг хэрхэн яаж хөгжүүлэх гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна.

-Сүүлийн үед нано­технологиор үйлдвэрлэ­сэн бүтээгдэхүүн Монголд их худалдаалагдах болжээ. Франчайз хүлээн авагч компаниудын “буянаар” ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний аж ахуйн нэгжүүд маань өсч өндийх бололцоогоо хаалгаад байгаа нь нууц биш. Тэгэхээр, хэрвээ үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөр гаргаад бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл зах зээлээ хамгаалах талаар бас арга хэмжээ авах шаардлагатай болно, тийм үү?

-Телевизээр ийм, тийм бараа гээд их сурталчилж байна. Гэхдээ ма­найх өөрийнхөө нөөц бололцоон дээр тулгуурлаад дэлхийд өрсөлдөхүйц нанотехнологийн аргаар бий болгосон брэнд бүтээгдэхүүнийг бий болгох боломжтой. Нанотехнологи тийм өндөр өртөгтэй биш шүү дээ. Жишээлбэл, Монгол оронд тохирсон, байгалийн баялаг, мал аж ахуй дээрээ түшиглээд хүнс, бараа таваарын маш өвөрмөц нанотехнологийн аж үйлдвэрлэлийн салбарыг бодлогын хүрээнд хөгжүүлэх боломжтой.

-Манайхан уул уурхайн салбарыг тэргүүлэх салбараа гэж тодорхойлсон. Нанотехнологийн салбарын онцлог нь юунд оршдог юм бэ?

-Нанотехнологи, биотехнологи нь илүү чадваржсан шинэ мэдлэгтэй өндөр технологийн салбарын боловсон хүчнийг шаарддаг. Гол онцлог нь энэ. Уул уурхайд бол тийм биш шүү дээ. Нанотехнологи хувь хүнээс маш их мэдлэг боловсрол шаарддагаараа их дээд сургуулийн багш, судлаачдын хүчийг их авч ашигладаг салбар. Монгол Улс энэ салбарын боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх шаардлагатай. Тиймээс бид энэ чиглэлээр сургалт, судалгааг МУИС дээр явуулдаг болсоор хэдэн жил боллоо. Гадаадын тэргүүлэх их сургуулиудад ч олон сайхан чадварлаг залуусаа явуулаад байгаа.

-Манай улс хувьсгалын дараа шинжлэх ухааныг хөгжүүлэхдээ эхлээд багшлах хүмүүсээ Герман, ЗХУ зэрэг гадны улс орнуудад бэлтгэж авсан байдаг. Хэрвээ сургалт явуулах болбол багшлах боловсон хүчин байгаа юу. Ийм бодлого явагдсан уу?


-Одоо гадаадад суралцаж байгаа оюутнууд, төгсч ирж байгаа боловсон хүчний нэлээд хувь нь нанотехнологитой их бага хэмжээгээр холбоотой мэргэжил эзэмшиж байгаа. Тиймээс боловсон хүчин хангалттай. Бид дотоодын их сургуулиудад, ялангуяа МУИС нь байгалийн ухааны суурь сайтай ганц их сургууль учраас энэ баазыг түшиглэн сайн мэргэжилтэн бэлтгэх талд бусад төрийн өмчийн их сургуулиудтай хамтран нанотехнологийн чиглэлээр оюутнуудыг бэлтгэж байна.

-Тэднийг л авчрах нь чухал юм даа, тийм үү?


-Ирнэ. Эхнийх нь энэ хавраас ирчих байх. Гэхдээ ажлын байрыг нь бэлтгэх хэрэгтэй. Энэ чиглэлээрээ Монголд юм хийе гэсэн санаа бодолтой хүмүүс олон байгаа. Гэхдээ асуудал бий. Нанотехнологийг хөгжүүлэхийн тулд нэгдүгээрт төрийн бодлого, санхүүжүүлэх механизм хэрэгтэй. Гэхдээ ганцхан төрөөс дэмжлэг хүсээд байх нь учир дутагдалтай. Иимд хувийн хэвшлийнхний анхаарлыг энэ салбарт хандуулах шаардлагатай байна. Ямар их ашигтай, асар их ирээдүйтэй салбар вэ гэдгийг ойлгуулах нь чухал байна л даа. Хамгийн гол нь ойлгуулах л хэрэгтэй. Дахиж хэлэхэд, нанотехнологи бол ихэнх хүмүүсийн боддог шиг асар өндөр өртөгтэй хүнд, хэцүү технологи биш. Монгол эрдэмтэд, судлаачид, аж үйлдвэрийн салбарын хүмүүс амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт бүрэн итгэлттэй байна. Монгол Улс дэлхийн технологийн хувьсгал, ололт амжилттай хөл нийлүүлэн тэргүүлэх үндэстэн болж глобаль зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн гаргаж үндэсний эдийн засгийг чадавхжуулахад нанотехнологийн оруулах хувь нэмэр асар их, иймд энэ технологийн салбарыг бодлоготойгоор хөгжүүлэх ёстой, энэ бол гарцаагүй бидний шийдэх чухал асуудлын нэг.

Закажите недорогой анализ воды